Saturday, February 26, 2011

Усыг хэмнэлттэй ашиглах зөвлөмж



Бид шүд угаахад зарцуулах усны хэмжээг хэрхэн хэмнэж чадах вэ?
Бид шүд угаахдаа зарцуулах усныхаа цоргыг хаалгүй угаахад 5-10 литр ус урсгадаг байна. Энэ нь 1 жилд 1825-3650 литр, 10жилд 18250-36500 литр усыг нь үр ашиггүй зарцуулж үүнийхээ төлөө жилд 2007,58-4015,0 төгрөгийг зөвхөн шүдээ угаасныхаа төлбөрт төлж байна. Хэрвээ та усаа стаканд хийж, шүдээ угаавал 250-500 гр ус буюу жилд 91,25-182,5 литр, 10 жилд 912,5-1825 литр усыг зарцуулна. Ингэснээр та усаа хэмнэлттэй ашиглах төдийгүй мөнгөө ч бас хэмнэнэ.
Та нэг удаа усанд орохдоо хэдий хэмжээний ус зарцуулдаг бол?
Та усныхаа онгоцоо дүүргэж ороход 150-180 литр ус зарцуулдаг, харин 15 минут шүршүүрт ороход 200-250 литр ус ашигладаг байна. Та биеэ савандаж байхдаа үедээ усаа хааж байхаа битгий мартаарай, ингэснээр 2 дахин бага буюу 100-125 литр ус хэмнэж чадна.
Бид аяга тавгаа угаахдаа хэдий хэмжээний усаар угаадаг вэ?
Бохир аяга, таваг, сав суулгаа ойролцоогоор 10минут крантаа хаахгүйгээр угаахад 43,4 литр ус зарцуулдаг байна. Харин угаалгын шингэнээр угаахдаа крантаа хааж, цэвэр усаар зайлахдаа крантаа бага хэмжээгээр гоожуулан угааснаар 25 орчим литр ус хэмнэж чадна.
Та автомашинаа хэдэн литр усаар угаалгадаг вэ?
Авто машиныг даралттай усаар угаахад цагт 500 литр, ус зөөж угаахад 50 литр ус зарцуулагддаг байна.
Ухамсарт хүн та бүгд дээрх зөвлөмжүүдийг мөрдөн усыг хэмнэлттэй ашиглавал мөнгөө хэмнэж чадна.

Thursday, February 24, 2011

Хот дотроо хорт утааны баг зүүх үү эсвэл......



Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал Б.Чадраа дэлхийд хамгийн хортой гэж тооцогдож байгаа Полихлор дибензо-диоксин (ПХДД ) хэмээх хорт хавдар үүсгэгч цацраг идэвхит бодисоор Улаанбаатарын агаар хордсон хэмээн зарласан.
ПХДД-гийн үйлчлэх чадвар маш их бөгөөд саяны нэг хэмжээтэй байхад л генийн бүтцийг өөрчилж чадахаар хортой бөгөөд түүнийг Антарктидэд хийсэн судалгаагаар Америкчууд нотолжээ.
Улаанбаатарын утааг багасгах нэг арга бол нүүрсийг коксжуулна, шахмал түлш болгоно хэмээн ярьж байгаа ч нүүрс коксжуулах явцад маш их хортой хий ялгардаг тул хотын орчимд энэ үйл ажиллагаа явуулах боломжгүй гэнэ.
Монголчууд бид дэлхийн хүн амаас хэдийгээр 2500 дахин цөөн ч хаанахын хэнээс ч дутахгүй оюун ухаантай, хүч чадалтай дэлхийн хүн төрөлхтний брэнд хэмээн хэлэгдэж байсан ч өөрчлөлт орж байгаа генээ авран үлдэх, тэр аюулыг таслан зогсоох том асуудалтай нүүр тулгараад байна. Нэгэнтээ хотын иргэн бид өөр өөрийгөө устгах энэ аюулыг бий болгосон болохоор хот дотроо хорт утааны баг зүүхүү эсвэл.............

Экологид ээлтэй хүмүүст дуулгах статистик мэдээлэл



Усны газраас уул уурхайн гол ашиглалтын байдалд 2010 онд хийсэн судалгаагаар Бор-Өндөрийн жоншны үйлдвэр орчмын 1.5 км радиустай газарт газрын доорх усны түвшин 20 гаруй метрээр доошилсон нь тогтоогдсон байна. Тус уурхай нь өнөөдрийг хүртэл жилд 1.2 сая шоометр ус шавхан зайлуулдаг аж.
Түүнчлэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд жилд тус бүр 4.5-5.0 сая шоометр ус шавхадаг ба үүнтэй холбоотойгоор уурхай орчмын гол горхи, булаг шанд ширгэж, газрын доорх усны горим алдагдсаныг судлаачид баталжээ.

10-хан хором бороонд алхуул ямруу?

Байгаль Эх бидэнд юугаар ч зүйрлэшгүй олон гайхамшгийг бэлэглэснийг бид заримдаа анзааралгүй өнгөрсөн байдаг. Бидний амьдрал нэг л хэвийнээр өдөр хоног урсан өнгөрч, орчин тойрноо ч анзааралгүй завгүй амьдраад байснаа бид сүүлд нь л анзаардаг. Хэсэгхээн хором, шуугиант ертөнцөөсөө хөндийрч, бороо шивэрсэн намуухан гудамжаар алхъя ...

Wednesday, February 23, 2011

Амьдралын бөмбөлөгнүүд


Та амьдралыг жонглер мэт төсөөл. Яагаав нөгөө алиалагчдын 5,6 бөмбөлөгийг өөдөө шидэн жонглёрддог шиг. Ингэж хэлэхээр инээдтэй санагдаж байж мэдэх юм.
Эдгээр бөмбөлөгнүүдийг тус бүр таны ажил хөдөлмөр, амь нас, эрүүл мэнд, ус, агаар гэе. Энэ бүгдийг унагалгүйгээр дээш шидэн барьж авах нь маш чухал.
Харин та жонглёрдох явцдаа ажил бол резинэн бөмбөг болохыг төвөггүй ойлгож чадна. Газар унасан ч буцаад л ойно.
Харин үлдсэн хэд нь тийм биш. Тэдгээр нь шилэн талстаас бүтсэн эмзэг эдүүд юм. Унагах л юм бол зурагдаж, элэгдэж, эмтэрч, заримдаа бүр хагаран юу ч үгүй үйрмэг болох ч магадлалтай. Унасан бөмбөг хэзээ ч хуучин хэвэндээ буцаж орж чадахгүй. Үүнийг бид жонглёрдох явцдаа байнга санах хэрэгтэй бөгөөд амьдралд юунд илүү анхаарал халамж тавьж, юуг бусдаас илүү эрхэмлэх ёстойгоо умартахгүй байх нь чухал юм.

Ус ярьдаг, сонсдог бас гомддог


Усны талаар нэг хачирхалтай гэмээр мэдээлэл олж сонссоноо та бүхний мэдлэгт тань бага ч болов нэмэр болох болов уу гэсэн үүднээс бичлээ.
Бидний өвөг дээдэс усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж гол горхиндоо бохир зүйл оруулахыг цээрлэж ирсэн сайхан уламжлалтай хүмүүс. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралыг тэтгэгч ус маань өөрөө амьд биет гэнэ.
Ус нь мэдээлэл дамжуулж хөгжим сонсдог гэж олон зууны тэртээгээс таамаглаж байсан ч хамгийн бодитойгоор Японы эрдэмтэн Масуро Эмото 25 жилийн турш усны бүтцэд судалгаа хийж, ус амьд, хүний үг бодол сэтгэлийг ойлгох чадвартай хэмээн нотолжээ. Масура Эмото ингэж урт хугацаанд судалсны эцэст 1999 оноос эхлэн Японы Бива нууран дээр залбирал хийж эхэлжээ. Залбиралын үр дүнд нуур нь маш их хэмжээний өөрчлөлтөд орж, ус нь цэвэршиж өмхий замаг нь ч хүртэл ургахаа больсон гэнэ. Ингээд дэлхий нийтээр өнөөдөр ус амьд гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Усаа хайрлах хамгаалах нь өнөөдөр дэлхий нийтийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байгаа бөгөөд ингэж хамгаалахын тулд бид бүгд гар бие оролцох ёстой. Үүний тулд өөрөө өөрийгөө зөв энерги, эерэг мэдээллээр цэнэглэх нь чухал. Учир нь ус бохирдож байгаагийн нэг шалтгаан нь сөрөг бодол, энерги байдаг гэнэ.

Saturday, February 19, 2011

Сайн байцгаана уу залуусаа?



Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгая. Блогийнхоо анхны нийтлэлийг бичиж байгаадаа баяртай байна. Эрүүл орчинг шинэ үеийн залуус... гэсэн уриатай бидний энэхүү ажил маань залуусыг байгаль орчноо хайрлаж, тэднийг байгалийхаа төлөө нэг ч гэсэн зүйл хийх тэмүүллийг бий болгохын тулд зорьж байгаа сайн үйлсийн аян бөгөөд та бүгдийг бидний энэ ажлыг дэмжиж, санаа бодлоо хуваалцнаа гэдэгт найдаж байна.Шинэ үеийн залуус эрүүл орчноо хамгаалах үйлсэд хамтдаа нэгдэж байна. Бид энэхүү блогоор дамжуулан экологид тулгамдаж буй асуудлууд, тэднийг хэрхэн хамтдаа даван туулах талаар та бүхний үзэл бодлыг сонсохыг хүсч буй бөгөөд танд хэрэгтэй гэсэн мэдээллийг хүргэж, сайн дурын үйл ажиллагаагаа өрнүүлэх болно. Энэхүү санааг дэмжиж, ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа хүмүүстэй талархал илэрхийлье...